Эх орны хүндэт хоймор, өвгөд хувьсгалчдын өлгий нутаг Сэлэнгэ аймгаараа овоглож, аму буудай, мал сүргийн эх нутаг гэдгээрээ алдаршсан Орхонтуул сайхан нутгийн маань түүх соёл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон Нутгийн зон олон та бүхэндээ болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн эрхэм төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нар, ажлын албаны ажилтнууд, багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид, Нутгийн удирдлагын байгууллагатай амьдрал, ажил үйлсээрээ холбоотой бүх хүмүүстээ Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.
Монгол улсад Ардчилсан хувьсгал ялснаар Та бидний олж авсан томоохон амжилт, ололтын нэг бол 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн Хууль билээ. Үндсэн Хуульд зааснаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж зааснаар бид ажиллаж, амьдарч буй орон нутгаа удирдах, шийдвэр гаргах үйл явцад өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан оролцох маш том боломжоор хангагдсан билээ.
Иймд Орхонтуул сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөө Нутгийн удирдлагын байгууллага, иргэд Та бүхэнтэйгээ гар нийлэн ажиллахаар бодлого зорилгоо тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна.
Иргэд олноосоо итгэл хүлээн сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм Төлөөлөгчид та бид орон нутгийнхаа ард иргэдийн дуу хоолой нь болж, төр болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ хүсэл зорилго, санал санаачилгыг илэрхийлж, зөв бодлогыг тодорхойлох, нутгийн удирдлагын салбарынхан Та бидний идэвхтэй дэмжлэг, үр дүнтэй хамтын ажиллагаа нь сумын хөгжлийн суурь юм.
Орхонтуул сумынхаа ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе.
ОРХОНТУУЛ СУМЫН:
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА М.ЦОГБАЯР ЗАСАГ ДАРГА П.БАТБААТАР